Томуугаар өвдсөн хүүхдүүд 2-3 хоногт хатгаа болж хүндэрч байна
Covid-19-ийн хоногт батлагдах тохиолдлын тоо буурсан ч ханиад томуугийн тархалт оргилдоо хүрч буйг эмч мэргэжилтнүүд сануулж байгаа. Тухайлбал, Монголд томуугийн тархалт 10-12, 3-4 дүгээр сард болдог. Энэ жилийн хаврын дэгдэлт хожуу эхэлсэн. Аймгуудад ч томуугийн тархалт өөр өөр түвшинд ангилагдаж байгаа аж.
Дэлхий нийтээр ажиглавал Covid-19-ийн дараах томуугийн өвчлөлийн дүр зураг А хүрээний H3N2 илүү давамгай тархалттай байна. Монгол Улсын хувьд ч ялгаагүй адил байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Мөн амьсгалын замын вирусийн өвчлөл бүртгэгдсэн байна. Тиймээс цар тахлын дараа өвөрмөц онцлогтой томуугийн улирал үргэлжилж буйг анхааруулж байна. Олон улсын эрдэмтдийн судалгаанаас үзвэл Covid-19-ийн дараа томуугийн тархалтын динамикт тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон. Одоо омикрон хувилбарын дэд хувилбарын өвчлөл явагдаж байгаа гэсэн үг. Омикрон дотор B1, B2, B3, XA гэхчилэн олон дэд хувилбартай. Дотоодод бүртгэгдэж байгаа тохиолдлыг шинжилж үзвэл 80-90 хувь нь B2 хувилбараар үүсгэгдсэн өвчлөл түгээмэл байна. Үүнтэй холбоотойгоор өрхийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж, томуугаас шалтгаалж хүүхдийн бие 2-3 хоногт хүндэрч эхэлсэн байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН “ЭНХ СҮНДЭР” ӨЭМТ-ИЙН ДАРГА Г.ЭНХТУЯА:
-Covid-19-өөр өвдсөн, хүүхдүүд нь томуугаар хүндэрсэн гээд эмч ажилчид хомсдолтой байна. Иргэд уцаартай, бухимдалтай харилцаж байгаагаас үүдэж эмч, сувилагчид стресстэх, олон дахин нэг зүйлийг нь тайлбарлаж өгөх, үл ойлголцол гарах гээд бэрхшээл их. Одоо бидэнд тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол ачаалал. Хүн хүч багатай байгаа ч өрх дээр үндсэн үлэг оношилгоог хийх ёстой. Мөн эрт илрүүлэг эхэлсэн учраас хоёр эмч өдөр бүр сургуулиуд дээр очиж үзлэг хийж байна.
Өмнө нь өдрөөс өдөрт Covid-19-ийн тохиолдол ихсэж байсан бол одоо томуугийн тархалт эрчимтэй тархаж байна. Уг нь жил бүрийн гуравдугаар сард томуугийн идэвхжилт дуусдаг. Харин энэ жил тавдугаар сараас томуугийн тархалт идэвхжиж байна.
Тиймээс иргэд амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэй. Манай хорооны тухайд нийт 11 мянга гаруй хүн амтай. Үүний тал хувь нь хүүхдүүд. Тавдугаар сар гарснаас хойш 0-17 насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын халдварын тохиолдол эрс ихэссэн. Энэ удаагийн томуугийн онцлог нь хүүхдүүд маш хурдан хүндэрч, хатгаа болж байна.
Эмнэлэг дээр ирж байгаа хүүхдүүдэд гол төлөв хоолой барих, халуурах шинж тэмдэгтэй байгаа. Хүндэрсэн тохиолдолд бие нь сульдаж, унтаа болох идэвхгүй болох зэрэг шинжүүд ажиглагдаж байна.
Гол төлөв 4-9 насны хүүхдүүд томуугаар хүндрэх нь их байгаа. 10-аас дээш насныхан өвдсөн ч эдгэрэх нь хурдан байгаа гэсэн үг. Гэхдээ энэ нь хүүхдэд олон төрлийн эм өгөөд, анагааж байна гээд гэрээр эмчлэх нь зөв гэж ойлгож болохгүй. Мөн хүүхдүүдээс гадна Covid-19-ийн шинж тэмдэг илэрсэн гээд түргэвчилсэн тест барьж ирж байгаа хүмүүс байна. Бидний зүгээс тестээ аваад ирвэл үзэж өгнө. Гэхдээ ихэнхдээ Covid-19 биш шинэ төрлийн томуугаар өвдсөн байгаа. Бидний зүгээс антибиотик гэхээс илүү халуун уух зүйл хэрэглэж, дархлаагаа сайн дэмжихийг зөвлөж байна.
Эх сурвалж News.mn