Байгууллагын танилцуулга

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

 

ТАНИЛЦУУЛГА

 

Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бүгд найрамдах Монгол Ард Улсын зарим яамд байгуулах тухай” 169 дүгээр зарлигаар Байгаль орчныг хамгаалах яамыг анх байгуулж, 1988 онд аймгуудын Ус цаг уур орчны шинжилгээний албаны дэргэд Байгаль орчны хяналтын газар, 1994 онд аймгийн ЗДТГ-т Хүнс хөдөө аж ахуй, байгаль  орчны хэлтэс байгаль хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байсан. 

Засгийн газрын 2000 оны 181 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Байгаль орчны алба байхаар шийдвэрлэгдэж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2001 оны 29 дугаар захирамжаар Байгаль орчны алба бие даасан агентлаг болж байгуулагдан анхны даргаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз томилогдон ажилласан билээ. 

2008 онд Засгийн газрын тогтоолоор Байгаль орчны албыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар болгон өргөтгөснөөр одоо газрын дарга 1, хэлтсийн дарга бөгөөд улсын ахлах байцаагч 1, Байгаль орчин хяналтын улсын байцаагч 6, байгаль орчны асуудал хариуцсан 6 мэргэжилтэн, байгаль хамгаалагч 18, Усны судалгаа шинжилгээний тасгийн судлаач 3, төрийн үйлчилгээний 5, нийт 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд Сум дундын Ойн ангийг 2014 онд үндсэн 5 ажилтантай байгуулж, анхны даргаар Ой судлаач А.Мөнхцэцэг томилогдон ажиллаж байв. 2023 онд сумдын дундын ойн ангийн 3 болгож, баруун бүсийн, зүүн бүсийн, төвийн бүсийн Сум дундын Ойн ангиудыг байгуулсан. Сум дундын ойн анги нь ойжуулалтын ажилд шаардлагатай тарьц суулгац бэлтгэх, тарьмал ойн талбайг нэмэгдүүлэх, заган ойн сэргэн ургалтыг дэмжих, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна.