Монгол улсын ногоон хөгжлийн бодлого

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо 2 дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байна.

Байгалийн арвин нөөц баялаг, газар зүйн байршил, байгаль орчиндоо зохицон амьдрах чадвар, соёл, уламжлалын давуу талыг ашиглах замаар ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх боломж байна.

“Ногоон хөгжил” гэж байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж ядуурлыг бууруулах хөгжлийн загварыг хэлнэ.

Стратегийн зорилт

Ногоон хөгжлийг хангахад дараах стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

Стратегийн зорилт 1. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, хэрэглээг хөгжүүлнэ.

Стратегийн зорилт 2. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэн орчны бохирдол, доройтлыг бууруулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

Стратегийн зорилт 3. Ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилт, татвар, зээл, урамшууллын оновчтой хөшүүргийг нэвтрүүлж, байгаль хамгаалал, хүний хөгжил, цэвэр технологийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

Стратегийн зорилт 4. Ногоон ажил эрхлэлтийг дэмжиж, ядуурлыг бууруулан ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлнэ.

Стратегийн зорилт 5. Байгальд зохицсон ахуй, соёлын үнэт зүйлсийг хөгжүүлж, боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновацийг ногоон хөгжлийн хурдасгуур болгоно.

Стратегийн зорилт 6. Уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн байгалийн нөөц баялаг, сэргэх чадавхад нийцүүлэн хүн амын суурьшлыг төлөвлөн хөгжүүлнэ.