Усны хэмнэлт
Улаанбаатарчууд төвлөрсөн шугамаар 150-160 мянган шоо метр, бусад эх үүсвэрүүд болох албан байгууллагын технологийн хэрэгцээнд зориулан гаргасан гүний худгууд, өрхийн хэрэглээний худгууд зэргээс 150 гаруй мянган шоо метр, нийтдээ 300 гаруй шоо метр усыг хоногт хэрэглэж байна.
Нийслэлийн хүн ам, үйлдвэр аж ахуйн газрыг унд, ахуйн цэвэр усаар хангахад Туул голын сав дагуу байрласан 170 гаруй гүний худаг голлох үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Туул голын ус тасарч, хөрсний ус доошлох үед төвлөрсөн сүлжээгээр түгээх ус хомсдох үзэгдэл ихэсч байгаа нь усны нөөцийн зохистой менежментийг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага гарч байна.
Монгол Улсын Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлд усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална гэж заасан байна.
"УС ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд хуучин ашиглагдаж байсан услалтын системүүдийг шинэчлэх, сэргээн засварлах, усны системийн толгойн барилга байгууламжийг шинээр байгуулах арга хэмжээ авч, нийт 6500 га талбайг усжуулах, усыг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах системийг нэвтрүүлэх;
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд (I шат) ус хэмнэх, хаягдал усыг дахин ашиглах техник, технологи, эдийн засгийн боломжийг бүрдүүлж эхлэх; хуурайшилттай нөхцөлд зохицсон ус хэмнэх, хөрс хамгаалах технологид тулгуурласан усалгаатай газар тариаланг хөгжүүлэх; (II шат) хуурайшилттай нөхцөлд зохицсон ус хэмнэх, хөрс хамгаалах технологид тулгуурласан усалгаатай газар тариаланг өргөтгөх зэрэг усны хэмнэлтийн тухай заалтууд орсон байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолоор хаягдал ус цэвэрлэж, эргүүлэн ашигласан тохиолдолд эргүүлэн ашигласан хэмжээгээр; цас, бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан тохиолдолд 99 хувь усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлнө.