БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДЭВШИЛТЭТ АРГА, ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой, аюултай нөлөөллийг багасгах дэвшилтэт арга, хоргүй, аюулгүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж урамшуулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарал, хог хаягдал болон дулаан алдагдлыг багасгах, агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахад энэхүү журмыг баримтална.

1.3.Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагын аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнд урамшуулал олгоход энэхүү журам үйлчилнэ.

Хоёр.Урамшууллын хэлбэр

2.1.Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох урамшуулал дараах хэлбэртэй байна:

2.1.1.байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ” олгоно;

2.1.2.байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Эко тэмдэг” олгоно.

2.2.Ногоон гэрчилгээ, Эко тэмдгийн гэрчилгээний загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Гурав.Урамшууллын шалгуур үзүүлэлт

3.1.Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахад дараах чиглэлийг баримтална:

3.1.1.байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах;

3.1.2.агаар, орчны бохирдлыг бууруулах;

3.1.3.хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүч хэмнэх.

3.2.Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах чиглэлээр дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

3.2.1.байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялагийг нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр даацад нь тохируулан зохистой ашигласан байх;

3.2.2.байгалийн баялгийг хаягдалгүй, иж бүрэн, хэмнэлттэй, үр ашигтай зохистой ашиглаж, дахин ашиглалтын түвшинг нэмэгдүүлсэн байх;

3.2.3.ногоон хөгжлийг дэмжсэн цэвэр технологи, инновацийг нэвтрүүлсэн байх;

3.2.4.хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материалаар баригдсан, дулааны алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй, хаягдал ус цэвэрлэх технологи бүхий барилга байгууламжтай байх;

3.2.5.ойн сэргэн ургах чадавх, нөөцийг нэмэгдүүлэх, ашиглах, түүний төлөв байдлыг сайжруулах, хамгаалах дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, модыг өргөн олдоцтой материалаар орлуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байх;

3.2.6.байгаль орчныг хамгаалж, доройтсон орчныг нөхөн сэргээх экосистемийн үйлчилгээг[1] тэтгэсэн байх;

3.2.7.цэнгэг усны хэрэглээг багасган хур тунадасны усыг хуримтлуулан үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан байх;

3.2.8.хаягдал бохир усыг цэвэрлэн эргүүлэн ашиглах замаар усны нөөцийг 50 хувиас дээш хэмнэж, дахин ашиглах боломж бүрдүүлсэн байх.

3.3.Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

3.3.1.хөрсний үржил шимийг биологийн аргаар нэмэгдүүлсэн, химийн бохирдлыг бууруулсан байх;

3.3.2.хог хаягдлыг багасгах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ангилан ялгах, дахин болон сэргээн ашиглах, устгах дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, хаягдал дахь хорт бодисын агууламжийг бууруулсан байх;

3.3.3.хог хаягдал ашиглан эрчим хүч, дулаан үйлдвэрлэсэн байх;

3.3.4.түлшний шаталтаас үүсэх хорт бодисын хэмжээг багасгасан байх;

3.3.5.авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг хийн болон цахилгаан эх үүсвэрт шилжүүлэх замаар тэдгээрийн ашиглалтын улмаас ялгарах хорт утааг бууруулсан байх.

3.4.Хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчийг хэмнэх чиглэлээр дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

3.4.1.нүүрсхүчлийн хий болон хорт хийн ялгарлыг багасгах зорилгоор сэргээгдэх эрчим хүч ашигласан байх;

3.4.2.үйлдвэрлэл, үйлчилгээ болон нэгж талбайд ногдох эрчим хүчний хэрэглээг 20-иос доошгүй хувиар бууруулсан байх;

3.4.3.нар, салхи болон газрын гүний дулааныг ашиглах технологи, дулаалгын материал, халаах, хөргөх болон агааржуулах систем зэрэг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй технологи, тоног төхөөрөмж импортоор авсан, эсхүл үйлдвэрлэж зах зээлд тогтвортой нийлүүлсэн байх;

3.4.4.үйлдвэрлэлийн үйл ажиллагааны улмаас агаар, орчинд ялгаруулах, бохирдуулах бодисын хэмжээг 50-иас доошгүй хувиар бууруулсан байх;

3.4.5.байгаль орчинд ээлтэй технологи зохион бүтээх, нэвтрүүлэх, нутагшуулах зэргээр технологийн шинэчлэл хийж, оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулсан байх.

3.5.Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан, байгальд ээлтэй түүхий эд материал ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд олгох “Эко тэмдэг”-ийн шалгуур үзүүлэлт болон түүнийг үнэлэх аргачлалыг энэхүү журмын 5.3-т заасан Техникийн зөвлөл боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Дөрөв.Урамшуулалд хамрагдах хүсэлт гаргах

4.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага урамшуулалд хамрагдах хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

4.2.Энэ журмын 4.1-д заасан хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

4.2.1.аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар;

4.2.2.үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүрэг, хорооны Засаг даргын, эсхүл аймаг, нийслэлийн байгаль орчны газрын тодорхойлолт;

4.2.3.итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт, холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, патент, ашигтай загварын гэрчилгээний хуулбар;

4.2.4.байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологийн тодорхойлолт, хүрсэн үр дүнгийн харьцуулсан үзүүлэлт, туршилтын тайлан;

4.2.5.эрх бүхий байгууллагаар хийлгэсэн байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

4.2.6.татварын өр төлбөргүй талаарх тодорхойлолт.

4.3.Энэ журмын 4.2-т заасан баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

Тав.Комисс болон Техникийн зөвлөл, түүний бүрэлдэхүүн

5.1.Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах комисс (цаашид “комисс” гэх)-ын бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.2.Комиссын бүрэлдэхүүнд байгаль орчин болон бусад салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөллийг оролцуулна.

5.3.“Эко тэмдэг”-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий Техникийн зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулна.

5.4.Техникийн зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллага, итгэмжлэгдсэн лаборатори, холбогдох эрдэм шинжилгээ болон судалгааны байгууллагын төлөөллийг оролцуулна.

5.5.Техникийн зөвлөл “Эко тэмдэг” олгох шалгуур үзүүлэлтийг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дүгнэлтийг Комисст хүргүүлнэ.

5.6.“Ногоон гэрчилгээ” олгох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтээр үнэлэх аргачлалыг Комисс батална.

Зургаа.Сонгон шалгаруулах ажиллагаа

6.1.Комисс нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлсэн хүсэлт, холбогдох материалыг хянан үзэж, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг жил бүр сонгон шалгаруулна.

6.2.Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Комисс байгаль орчны аудитын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.

6.3.Комисс нь шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон бүтээгдэхүүн, үйлчилгээг урамшуулалд хамруулах тухай санал, дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

6.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад “Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгоно.

6.5.”Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” олгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийг байгаль орчны мэдээллийн санд бүртгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын цахим хуудсаар мэдээлнэ.

Долоо.”Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” ашиглах

7.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага “Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг”-ийн загварыг бүтээгдэхүүн, үйлчилгээний хаяг, шошго, сав, баглаа боодол болон ном, сэтгүүл, танилцуулга, сурталчилгаанд ашиглаж болно.

7.2.Комисс болон Техникийн зөвлөл нь ”Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 3 жил тутамд хяналт-шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

7.3.Энэ журмын 7.2-т заасан дүгнэлтээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын “Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” урамшууллын шалгуур үзүүлэлт буурсан нь тогтоогдсон тохиолдолд тухайн байгууллагад олгосон “Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг”-ийг хүчингүй болгоно.

Найм.Дэмжлэг үзүүлэх

8.1.Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, “Ногоон гэрчилгээ”, “Эко тэмдэг” авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь урамшуулал, дэмжлэгт хамруулах ажлыг зохион байгуулна:

8.1.1.байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцуулах;

8.1.2.байгаль орчны үндэсний болон олон улсын шагналд нэр дэвшүүлэх;

8.1.3.ногоон зээлийн сангийн болон дотоод, гадаадын бусад хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад хамруулах;

8.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хуульд заасны дагуу давуу эрхтэйгээр оролцуулах;

8.1.5.олон улсын ижил төстэй дэвшилтэт технологи бүхий байгууллагуудтай хамтран ажиллахад зуучлах;

8.1.6.үндэсний стандарт боловсруулах болон олон улсын стандартыг үндэсний стандарт болгоход мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;

8.1.7.байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдол, хаягдлыг багасгах, байгальд халгүй техник, тоног төхөөрөмжийн жагсаалтад хамруулах;

8.1.8.хуульд заасан бусад дэмжлэг.

Ес.Бусад зүйл

9.1.Энэхүү журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Байгаль орчин, уур амьсгалын сангаас санхүүжүүлнэ.

9.2.Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулахтай холбогдсон гомдлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

9.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлэнэ.