slug
ӨМНӨГОВЬ-ТАНИН МЭДЭХҮЙН СУРАХ БИЧИГТЭЙ БОЛЛОО
Улсын тэргүүний 3-р сургуулийн багш асан, Боловсролын тэргүүний ажилтан, газар зүйн багш Хумбаагийн Туяагийн санаачилж зохиосон “Өмнөговь-Танин мэдэхүйн сурах бичиг”-ийг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас дэмжин хэвлүүлсэн бөгөөд бүх ЕБС-ийн биологи, газар зүйн багш нарт гардуулан өглөө.
“Өмнөговь – Танин мэдэхүйн сурах бичиг” нь дунд сургуулийн сурагчдыг эх нутгийнхаа түүх соёл, эртний үлэг гүрвэл, биологийн төрөл зүйлүүд, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулахаас гадна тухайн мэргэжлийн багш нарт өргөн хүрээтэй сургалтын гарын авлага юм.
Сурах бичигт хичээлийн жилийн явцад сурагчдад танхимаас гадуур сургалтыг зохион байгуулах календарьчилсан хөтөлбөрийг хавсаргасан нь хүүхэд залуучуудад байгаль орчны боловсролыг бодитойгоор олгох боломжийг олгож байгаа юм.
Багш Х.Туяа нь Газар зүйн багш мэргэжлээр Боловсролын салбарт 36 жил ажиллаж Газарзүйн Улсын олимпиадад жил бүр амжилттай оролцож Алт, мөнгөн медалийг хүртэж олон арван шавь нар нь аймаг, улсын олимпиадад тэргүүлж байсан юм. Тэрээр аймагтаа анхны, сурагчдын байгаль хамгаалах Шонхор клубыг байгуулж 2006 онд “Байгальд эвсэг – Багачуудын холбоо”-г байгуулан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, аймаг улсынхаа үзэсгэлэнт газруудад сурагчдаа аялуулан, танин мэдэхүйн сургалтыг хийж, Австрали улсад байгаль орчны Манлайлагч эмэгтэйчүүдийн сургалтанд оролцож байжээ.