ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМТРАН МОНГОЛ УЛСЫН ӨМНӨД БҮСИЙН ЗАГАН ОЙГ НӨХӨН СЭРГЭЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масарүгийн энэ удаагийн айлчлал нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Заган ойг нөхөн сэргээх төслийг албан ёсоор эхлүүлэх зорилготой юм.
Уг төслийг Монгол улсад өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ойска Монголиа” ТББ болон Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, нутгийн иргэд хамтран хэрэгжүүлнэ.
Заг нь гандуу хуурай нөхцөлд ургаж чаддаг “Шидэт мод” гэдгээрээ онцлогтой бөгөөд зөвхөн Төв Азийн говьд ургадаг мод юм. Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүдлийг тогтворжуулан барьдаг. Тиймээс заган ойг бий болгосноор элсний нүүдлийг зогсоож, цөлжилттэй тэмцэх боломжтой ажээ.
Мөн “ЗАГ” модтой газарт:
- Тахал гардагггүй
- Аянга буудаггүй
- Түймэр гардаггүй хэхэмээн Монгол түмэн минь эрт дээр үеэс хойч үедээ захиж, сургасаар ирсэн билээ.