Цоохор ирвэс
Монгол орны уулархаг бүс нутгууд төдийгүй Өмнөговь аймгийн хэмжээнд манай орны хамгийн том муурын овгийн амьтан болох цоохор ирвэс тал хээрээр хэрэн хэсэж хүмүүстэй таарах тохиолдолууд гарсаар байна. Эр цоохор ирвэсний эзэмшил нутаг нь дунджаар 250км2 байх бөгөөд залуу ирвэсүүд эхээс салснаас хойш өөрийн эзэмшил нутагаа хайж хэдэн зуун километр замыг туулах нь ч бий. Цоохор ирвэс нь орооны үеэс бусад хугацаанд ганцаар амьдардаг бөгөөд залуу эр ирвэсүүд өөрийн эзэмшил нутгаа олох, идэш тэжээлийн олдоц зэргээс хамааран нэг уулнаас нөгөө уул руу явах замдаа хүмүүстэй тал хээрт тааралддаг. Ингэж тааралдах үед хүмүүс зураг авах гэж хөөх, туух зэрэг олон үйлдэл үзүүлж байгаа нь тухайн амьтанг эрсдэлд оруулах магадлалтай байдаг. Иймээс малчид, ард иргэд та бүхэн энэхүү нуугдмал, гоёмсог, Монгол орны бахархал бүхий улаан номонд орсон амьтантай таарсан тохиолдолд хэт их ойртохгүй, эцэж цуцтал нь хөөхгүй байхыг АНХААРНА УУ
Аль болох тайван байлгаж, уул хад руугаа явах замд нь саад болохгүй байхыг хүсье!