Мэдээ

Манай хамгийн сүүлийн үеийн нийтлэлүүдийг үзнэ үү

БАЯНЗАГИЙГ ОУ-Н ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИЛДЭГ БҮС НУТАГ БОЛГОХООР НЭР ДЭВШҮҮЛЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших байгаль, палеонтологийн хосгүй дурсгалт газар болох Баянзагийг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын (UN Tourism) “Шилдэг аялал жуулчлалын тосгон” (Best Tourism Villages) болон дэлхийн “Green Destinations Top 100 Stories” уралдаанд нэр дэвшүүлэх өргөдлийн маягтыг эцэслэн боловсруулах хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн нутгийн удирдлагын ордны "Иргэний танхим"-д өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
🔹Уг ажлыг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ)-ны АЖБЗГ-ын Мэргэжилтэн Б.Жавхлан, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (MTO) , Монгол дах ЖАЙКА (JICA)-ийн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” (Төслийн удирдагч Такахико Макино),, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны Тэргүүн Д.Гэрэлтөв, "Гайхамшигт говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр болон Өмнөговь аймгийн ЗДТГ, Булган сумын удирдлагууд, “Баянзаг-Улалзах цонж” ТББ-ын төлөөлөгчид хамтран хэрэгжүүлж байна. Хурлаар Баянзаг орчмын тогтвортой хөгжлийн дараах гол үзүүлэлтүүд болон цаашдын төлөвлөгөөг хэлэлцэв.
📌Үүнд:
• Байгаль орчны хамгаалалт: - 2024–2025 оны хур тунадасны нөлөөгөөр экосистем сэргэж, Идлэг шонхор, Борцгор хотон зэрэг ховор шувуудын нүүдлийн дамжих болон үүрлэх цэг болсон. “Баянзаг-Улалзах цонж” ТББ-аас заг, улиас, тоорой мод тарьж, 2026 онд жуулчдын даацыг тогтоох мэргэжлийн үнэлгээний тендер зарлаад байна.
• Нийгэм, эдийн засгийн үр өгөөж: - 2025 онд тус бүс нутагт 37,495 аялагч ирсэн бөгөөд цахим төлбөр тооцоо 61%-д хүрсэн. Нутгийн иргэд гар урлал, гэр зочид буудал, үйлчилгээний чиглэлээр тогтмол орлоготой болж, Япон улсын "Мичино-эки" загварт суурилсан замын дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах боломж бүрдсэн.
• Санхүүгийн бие даасан байдал: - Орон нутгийн иргэдийн удирдлагатай аялал жуулчлалын менежментийн үр дүнд 2025 онд 354.2 сая төгрөгийн орлого олж, улсын дэмжлэггүйгээр 100% өөрийгөө санхүүжүүлсэн. Хураамжийн орлогоос 11 сая Хураамжийн орлогоос 11 сая төгрөгийг орон нутгийн нийтийг хамарсан эвент баяруудад зарцуулж, жил бүр шат дараатайгаар дэмжин ажиллаж байна.
🔹Цаашид (2026–2028 онд) тулгамдаж буй хөрсний доройтол, хог хаягдлын менежментийг сайжруулж, ЮНЕСКО (UNESCO)-ийн Геопаркийн статуст бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангахаар талууд нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж байна.
🔹Нэр дэвших үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр Монголын Говийн аялал жуулчлал олон улсад брэнд болон танигдаж, байгаль орчныг хамгаалах замаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох чухал ач холбогдолтой юм.